Хуваалцах

Маерск тээврийн хэмжээг энэ улиралд 25% унана гэж үзэж байна.

Данийн тээврийн гигант корона вирусээс шалтгаалсан хорио цээрийн улмаас үйлдвэрлэл болон өргөн хэрэглээний зах зээлийн эрэлт буурсан тул нэлээд олон аялалаа цуцлахаар төлөвлөж байна.

Дэлхийн нийт чингэлэг тээврийн 17%-ийг дангаараа хийдэг Maersk түлшний зардал багассан, зардалыг бууруулж үнийг өсгөх замаар эрэлтийн бууралтыг тэнцвэржүүлж эхний улиралд төсөөлж байснаас илүү ашигтай ажилласан гэдгээ мэдэгджээ.

Хэдийгээр АНУ болон ЕХ-ны орнууд зах зээлээ нээх алхамуудыг аажмаар хийж байгаа боловч гүйцэтгэх захирал Сорен Скоу оны эцэс хүртэл дорвитой өөрчлөлт гарахгүй гээд 2-р улиралд чингэлгийн тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20-25% унах байх гэж таамаглаж байгаагаа хэллээ.

Хорио цээрийн байдал Азиас Европ болон Номхон далайгаар хийгдэх АНУ, ЕХ-ны худалдаанд нэг улирлын дотор урьд хожид байгаагүй томоохон нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хэдэн сард хорио цээр тавигдаж вакцин гаран тараагдсан ч бизнест тодорхойгүй байдалд байсаар байх болно гэж ноён Скоу хэлжээ. Сая сая хүн ажилгүй болж эдийн засаг маш хэцүү байдалтай болсон учираас бүх юм нээгдэх нэг хэрэг, худалдан авагчид дэлгүүрт ирэх нь өөр хэрэг гэсэн байна.

Maersk болон бусад далайн тээврийн компаниуд маш олон аялалаа цуцалсан бөгөөд Maersk эхний улиралд 90 аялалаа цуцалж хоёрдугаар улиралд мөн 140 аялал цуцлах төлөвлөгөөтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад чингэлэг тээврийн үнийг 5.7% нэмж аялалын тоог цөөрүүлсэнээр ашиглалтыг сайн хэвээр хадгалах боломж бүрдүүлсэн байна. Компанийн далайн тээврийн салбар болох Maersk Line эхний улиралд 1.2 тэрбум долларын ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 25% ахисан үзүүлэлт юм. Далайн тээврийн компаниудын удирдлагууд дэлхийн тэргүүлэх 10 компаниудын ашиг орлого оны эцэс гэхэд нэлээд хасах талруугаа орно гэж таамаглаж байна.

Дэлхийн дөрөв дэх том чингэлэг тээврийн компани Францын CMA CGM SA нь 10%-ийн уналт үзүүлж магадгүй болоод байгаа бизнесээ дэмжихээр Францын засгийн газраар баталгаа гаргуулан 1.14 тэрбум долларын зээл авсан байна. Энэ нь Европын орнуудын засгийн газруудаас хувийн компанид ийм их хэмжээний зээл олгож байгаа анхны тохиолдол бөгөөд гэрээ ёсоор тээвэрлэгч зээлийг жилийн дотор төлөх эс чадвал 5 хүртэл жил сунгаж болох ажээ.

9.2 тэрбум долларын бэлэн мөнгөний нөөцтэй Maersk болон бусад далайн тээврийн компаниудын хувьд нефтийн бүтээгдэхүүний үнийн бууралт нь ашигтай байна.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо; Уолл Стрит Жоурнал