Хуваалцах

Нэр хүндтэй Харвардын их сургуульд элсэн суралцах эрхээ аваад байсан 10 элсэгчийг тус сургууль хүлээж авахгүй болж, шийдвэрээ цуцалсан тухай Harvard Crimson сайт өчигдөр мэдээлжээ.

Ингэх болсон шалтгаан нь дээрх элсэгчид Харвардын шинэ оюутнуудын мэдээлэл солилцдог Фэйсбүүк бүлэгт бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн аллага, Холокостын сэдэвтэй зураг солилцож, тийм агуулгатай зураг ашиглан бие биеэ тохуурхах зэргээр харилцаж байсан нь баримтаар ил болсон байна.

Мөн зарим үндэстэн угсаатныг ялгаварлан гадуурхсан агуулгатай мессэж бичилцэж байсан нь ил болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэ элсэгчид уг бүлэгт нэгдэн харилцаж эхэлсэн юм байна. Харвардын захиргаа элсэгчдийг хүлээж авахаас татгалзсанаа тайлбарлаад, хувь хүмүүсийн нэр усыг дурдаагүй юм.

Тус сургуулийн дотоод дүрэмд шинэ элсэгчдийн төлөвшил, ухамсар, ёс зүйн байдлаас хамааран элсүүлэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг аж. Шинэ элсэгчдийн зарим нь уг бүлэгт дамжиж байгаа мэдээллийн талаар сургуулийн захиргаанд мэдэгдэж, солилцож байсан мессэжүүдийн дэлгэцний хуулбарыг үзүүлснээр асуудлыг шалгаж эхэлсэн юм байна.

Харвардын энэ шийдвэрийг сошиал сүлжээний хэрэглэгчид таатай хүлээн авчээ. Тэдний ихэнх нь тус сургуулийн шийдвэрийг талархан хүлээж авч, зарим нэг нь “ийм хандлагатай хүүхүүдийн ирээдүйд конгрессийн гишүүн болох зам хаагдлаа”, "ёс зүйг шалгалтын онооноос илүүд үзлээ" хэмээн бичсэн бол нөгөө хэсэг нь “саваагүй зүйлээр мөрөөдлөө бүү устга”, “сошиал сүлжээний нийтлэлүүд хувийн хэргийн чинь нэг хэсэг боллоо” гэж залуу үеийнхэнд анхааруулсан байна.

Эх сурвалж: Fortune.com